Засаг даргын мэндчилгээ

 Алтан ургын голомт, Алдартан суутны өлгийн Араараа модтой Биндэръяа нутгийн ажилсаг, хөдөлмөрч, бүтээлч зон олондоо энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлж, амар амгаланг айлтган мэндчилье. 
Биндэрчүүд бид 2021 ондоо хүн ам 4208, мал сүрэг 262,817 толгой болон өсөж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Онон голд 209 метр төмөр бетонон гүүр ашиглалтанд орж, Их Монгол орд өргөөний дотор тохижилт хийгдэж, сум дундын эмнэлэг шинээр баригдаж эхэлсэн. ОНХС-ын хөрөнгө оруулалтаар Тал, Ханхар, Хөтөлж зэрэг жижиг голуудад гүүр баригдан, түүхэн дурсгалт газар, хөдөө хээрийн замуудад тэмдэг тэмдэглэгээ тавигдаж, халуун усны газар иргэддээ үйлчилгээ явуулж эхэлсэн бүтээн байгуулалтын жил байлаа. Мөн ногоон байгууламжийн минь өнгө үзэмж шинэчлэгдэж Биндэр нутгийн хөгжил цэцэглэлтэд шинэ өнгө нэмээд байна. 
Мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн 1-р багийн малчин Э.Дашдэндэв “Монгол Улсын Гавьяат малчин”; 1-р багийн малчин С.Чинбат “Монгол Улсын Аварга малчин” “Алтан төлийн эзэн”-ээр; 1-р багийн малчин Д.Отгонбаяр, 4-р багийн малчин Д.Зандангарав, Ц.Мөнхтуяа, 1-р багийн малчин Г.Соронзонболд, Г.Энхцогт, 2-р багийн малчин Б.Наранмижид нарын гэр бүл Хэнтий аймгийн “Аварга малчин өрх”-өөр; 3-р багийн саальчин Ш.Ариунбилэг “Аймгийн аварга саальчин”; дөрвөн малчин өрх “Сумын аварга саальчин”–аар , 5 малчин өрх “Сумын аварга малчин өрх”-өөр тус тус шагнагдаж, “Мянгат малчин” долоогоор нэмэгдсэн амжилт, бүтээлээр дүүрэн сайхан жил боллоо. 
Ирэх 2023 онд Биндэр сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохионо. Иймд түүхэн ойдоо бэлтгэх зорилгоор төсөв санхүү, бүтээн байгуулалт, соёл урлаг кино контент, мэдээ мэдээлэл, ном товхимол гэсэн 54 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Алдарт нутгийнхаа өндөр ойд айл өрх, иргэн бүр хичээж хашаа байшин, гудамж эгнээгээ цэгцлэхийг уриалж байна. 

ХҮНДЭТГЭСЭН:
БИНДЭР СУМЫН ЗАСАГ ДАРГА ЭНХТАЙВАНЫ МӨНХ-ОЧИР
 

2022-04-23 15:25:24