1923 онд Ардын Засгийн газрын 38, 43 дугаар тогтоол, нутгийн захиргааны дүрмийн дагуу аймаг, хошуу нутгийн захиргааг шинэчлэн байгуулахад Хөвчийн Жонон вангийн хошууг Хан Хэнтий аймгийн Биндэрьяа Хан уулын хошуу хэмээн нэрлэж 10 сумаар зохион байгуулж хошууны төв нь Онон Хурхын бэлчир, Хурх голын хойд хөвөөнөө төвлөрчээ.
1931 онд хошуудыг татан буулгахад Биндэрьяа сум хэвээр зохион байгуулагдсан. Эдүгээ манай сум 536,6 мянган га газар нутагтай, Монгол улсын хилийн хойд хэсэгт Хэнтийн нурууны зүүн салбар уулсын өвөр, ойт хээрийн бүсийн үзэсгэлэнт сайхан байгаль бүхий өргөн уудам нутгийг хамарч ОХУ – ын Байгаль чанадын хязгаар, Дадал, Баян-Адрага, Батноров, Хэрлэн, Өмнөдэлгэр, Батширээт сумдуудтай хил залгаа орших бөгөөд Чингис хотоос 180 км, Улаанбаатар хотоос 406 км алслагдсан томоохон суурин юм. Нутгийн хойд хэсэг нь шилмүүст ойгоор хучигдсан, уулсын өмнөт хэсэг нь ойт хээрийн бүсэд хамрагдана. Номхон далайн усны савд багтах уулын түргэн урсгалт Онон, Хурх, Балж, Хөмөл, Хүйтэн, Шуус зэрэг том жижиг 30 гаруй гол горхи, Цэгээн, Булан, Холбоо, Цэмбэл, Цагаан нуур зэрэг 20 шахам нуур цөөрөм, Далайн булаг, Талын булаг, Зүүн баяны булаг шанд байдаг.
2022 оны жилийн эцсийн байдлаар нийт 1404 өрх, 4277 хүн амтай, Халх, Буриад, Хамниган, Сонгоол зэрэг үндэстэн ястан амьдардаг бөгөөд 264 965 тооны толгой малтай, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөн орчин үеийн сум болон хөгжиж байна.
2022-04-23 15:25:54